TomYo хөрөнгө оруулалт татна
Монголын анхдагч эдтек буюу боловсролын технологийн компани TomYo нь үйл ажиллагаагаа өргөтгөж шинэ хөрөнгө оруулалт татах ажлаа эхлүүллээ. Энэхүү ажлын хүрээнд Монголын санхүүгийн салбарт тэргүүлэгч үнэт цаасны компаниуд болох “Райнос Инвестмент ҮЦК” ХХК болон “Өлзий Энд Ко Капитал” ХХК-тай хамтран ажиллахаар гэрээнд гарын үсэг зурлаа.
TomYo нь “Монгол Оюуныг Дэлхийг Гаргая“ уриатайгаар Монгол залуусын сурах хөгжих хүсэл мөрөөдлийг илүү нээлттэй, хүртээмжтэй болгож өөрийн потенциалыг хамгийн дээд төвшинд гаргаж амжилтад хүрэхэд нь туслах зорилготой юм. Боловсролын салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлж, шинэлэг хөтөлбөр боловсруулж, цаг үедээ тохирсон контентоор баяжуулан хүн бүрийн сурах хэрэгцээ болон арга барилд тохирсон дараах төслүүдийг хэрэгжүүлж байна.
TomYo EdTech төслөөрөө анх 2019 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд уг төслийн хүрээнд TomYo Skills, TomYo World, TomYo Class гэсэн гар утсанд суурилсан боловсролын бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлэн өдгөө 300,000 гаруй хэрэглэгчдэд хүрч ажиллаж байна.
TomYo KidsClub төслөөрөө сургуулийн насны хүүхдүүдэд өөрийгөө нээх, авьяас сонирхлоо хөгжүүлэх, орчин цагийн ур чадваруудыг эзэмшүүлэх зорилгоор 2 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
TomYo School of Ulaanbaatar нь ирэх оны хавар анхны элсэлтээ авахаар бэлтгэл ажлаа хийж буй бөгөөд Монгол оюуныг дэлхийд гарахад багаас нь бэлтгэх цоо шинэ хөтөлбөртэй цэцэрлэг сургуулийн цогц төсөл юм.
