Райнос Инвестмент ҮЦК нь БНСУ-д оршин суугаа Монголчуудынхаа хөрөнгө оруулалтын мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэн, хөрөнгө оруулалт хийх боломжийн талаарх мэдээллийг түгээх зорилгын хүрээнд  “Open Invest” чуулга уулзалтыг 2022 оны 11-р сарын 12-нд БНСУ-ын Сөүл хотноо амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ дэмжигч байгууллагаар оролцон бөгөөд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос нээлтийн ажиллагааны үеэр “энэхүү арга хэмжээ нь Сөүл хотноо анх зохиогдож байгааг талархан сайшааж байна” гээд цаашид хөрөнгийн зах зээлийн талаар иргэддээ мэдээлэл өгөх арга хэмжээг хамтран өргөн хүрээнд зохион байгуулахад нээлттэй дэмжин ажиллах болохоо илэрхийлэв.

Илтгэлийн арга хэмжээг эхлүүлэн СЗХ-ны үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн “Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал” сэдвээр сонирхолтой илтгэл тавилаа. Илтгэлтэй холбоотой иргэдийн асуулт их байсан нь гадаадад байгаа иргэдэд хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл ихээхэн хэрэгтэй байгаа нь харагдаж байлаа.

Үүний дараа Sendly – Money transfer for Mongolians ББСБ ХК-гийн ТУЗ-ын дарга Б.Наранбат “Дэлхийг хэрэх Финтек – Солонгос улсад” сэдвээр илтгэлт тавин Сэндли ББСБ ХК-ийн дэлхийн зах зээлд гарах гэж буй төлөвлөгөөний талаар хуваалцлаа.

Түүнчилэн AND Global ХХК-ийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Б.Итгэл “Технологийн бизнесээр Дэлхийд гарсан Монгол компани” сэдвээр илтгэл тавин Анд Глобал компани нь дэлхийн томоохон компаниудаас хөрөнгө оруулалт татан, дэлхийн 10 гаруй улсад технологио экспортолж байгаа болон цаашдын алсын харааны талаар хуваалцаж иргэдийн хувьд охин компани болох LendMN компанид хөрөнгө оруулах олон төрлийн боломж байгаа тухай танилцууллаа.

Арга хэмжээг хааж Rhinos Investment UTsK LLC-ийн дэд захирал Н.Цэвэгмид “Солонгосоос Монголын хөрөнгийн зах зээлд оролцох боломж” сэдвээр илтгэл тавин, иргэд бид хувь хүний санхүүгийн менежменттэй байхын чухлыг дурдан хөрөнгө оруулах боломжуудын талаар танилцууллаа.

Зохион байгуулагчийн зүгээс онцлоход #Invest_In_Yourself уриан дор зохион байгуулагдсан Open Invest 2022-Korea   арга хэмжээ нь БНСУ-д албан ёсоор зохион байгуулагдсан Анхны арга хэмжээ болсноороо онцлог байсан бөгөөд цаашид өргөжин тэлнэ гэдэгт бид итгэж байна.

Биднийг дэмжин хамтран ажилласан Embassy of Mongolia in Seoul, Санхүүгийн Зохицуулах Хороо болон оролцогч байгууллагууд болох Sendly – Money transfer for Mongolians, AND Global LendMN нартаа гүн талархсанаа илэрхийлье.

Түүнчилэн энэхүү арга хэмжээнд цаг заваа зориулан хүрэлцэн ирсэн нийт Монголын хөрөнгийн зах зээлд оролцох, хамтдаа өсөн дэвших эрмэлзэлтэй залуустаа баярлалаа.

Та бүхэн бидэндтэй хамт үнэ цэнтэй нэг өдрийг хамт өнгөрөөсөн гэдэгтээ бид итгэлтэй байна.

Дараагийн ээлжит “Open Invest” чуулга уулзалтаар эргэн уулзацгаая!