“Nokia” компани “Samsung Electronics” компанитай лиценз солилцох нөхцөл бүхий патентын гэрээг олон жилийн хугацаатайгаар байгуулж, өөрсдийн үйлдвэрлэлийн технологио ашиглуулахаар болжээ.

Дээрх хоёр компанийн өмнөх гэрээний хугацаа 2022 оны сүүлээр дуусгавар болсон бөгөөд энэ удаагийн гэрээнд 5G сүлжээний суурь нээлтүүд болон бусад технологи багтсан болохыг “Nokia” даваа гарагт гаргасан мэдэгдэлдээ дурдсан байна. Гэрээний бусад дэлгэрэнгүй нөхцөл, үнийн дүнг нууцалж байгаа ч “Samsung Electronics” компани төлбөрөө энэ сарын нэгнээс тооцон төлж эхлэхийг мэдээллээ.

“Nokia” компани гар утасны үйлдвэрлэлээ зогсоож, сүлжээний тоног төхөөрөмж болон оюуны өмчийн ашиглалтад голчлон анхаарах болсонтой холбоотой сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тус компанийн хувьд лиценз олгох нь илүү чухал үйл ажиллагаа болоод байсан юм.

“Nokia” өнгөрсөн оны 12 дугаар сард “Huawei” компанитай патент ашиглуулах гэрээгээ сунгаснаас гадна мөн БНХАУ-ын гар утас үйлдвэрлэгчид болох “Oppo”, “Vivo” компаниудтай ижил гэрээ байгуулахаар хэлэлцэж байна.

Эх сурвалж: Thomson Reuters