Манай улсын хөрөнгийн зах зээлийн голлох индекс болох “ТОП-20” индексийг Монголын Хөрөнгийн Бирж жил бүр шинэчилдэг. Энэ жилийн хувьд ТОП-20 индексийн багцыг шинэчлэхэд өмнөх багцад багтаж байсан 15 хувьцаат компани хэвээр үлдсэн байна.

Харин “Махимпэкс” ХК, “Би Ди Сек” ХК, “Дархан нэхий” ХК, “Талх чихэр” ХК болон “ЛэндМН ББСБ” ХК хасагдаж шинээр “Төрийн банк” ХК, “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК, “Богд банк” ХК, “Сэндли ББСБ” ХК, болон “Голомт банк” ХК нэмэгдэж шинэчилсэн багцыг бүрдүүлж байгааг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ. Ингэснээр “ТОП-20”-д эзлэх банк санхүүгийн салбарын компаниудын тоо 10 болж нэмэгдээд байна.

Харин зах зээлийн үнэлгээгээр сүүлийн тайлангаар буюу 2022 оны III улирлын байдлаар “ТОП-20″ индексэд багтах хувьцаат компаниудын дийлэнх буюу 56.3 хувийг аж үйлдвэр, 19.7 хувийг банк санхүүгийн салбар бүрдүүлж байв. Иймд шинэ тайлангаар зах зээлийн үнэлгээний задаргаанд өөрчлөлт орох төлөвтэй болж байна.

Онцлох үзүүлэлтийг дурдахад “ТОП-20” индексэд багтах нэг их наяд төгрөг давсан үнэлгээтэй компанийн тоо хоёр болжээ. “АПУ” ХК-ийн хувьцааны ханшаар илэрхийлэх зах зээлийн үнэлгээ 1.5 их наяд төгрөгөөр тэргүүлж, дараа нь “Голомт банк” ХК нэг их наяд төгрөгөөр хоёрдугаарт бичигдэж байна.

“Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам”-ын дагуу “”ТОП-20” индексийн багцыг шинэчлэн 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс мөрдөж эхэллээ.

 

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж