ЗЭСИЙН ҮНЭ ЭНЭ ОНЫ ЭЦЭСТ ТОНН НЬ 11,500 АМ.ДОЛЛАРТ ХҮРЧ МАГАДГҮЙ БАЙНА

Зэсийн үнэ 2023 оны эцэс гэхэд тонн нь 11 мянга 500 ам.доллар хүрч магадгүй гэж “Goldman Sachs”-ийн Түүхий эдийн судалгаа хариуцсан захирал Жефф Курри “Bloomberg”-т өгсөн ярилцлагынхаа үеэр онцоллоо. Урт хугацаандаа тонн нь 15 мянган ам.доллар давна гэж “Trafigura Group”-ийн шинжээчид тооцоолсон байна.

Нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зэсийн үнэ таван өдөр дараалан өссөнөөр тонн нь 9000 ам.доллар даваад байгаа юм. БНХАУ хилээ нээснээр үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарын үйл ажиллагаа сэргэх төлөвтэй болсноор зэсийн үнэ өсөж байгаа гэж харж болох юм.

Үүнээс гадна АНУ-ын Холбооны Нөөцийн банк энэ оны II улирлаас мөнгөний бодлого сулруулах төлөвтэй байгаа нь таваарын захад томоохон хөдөлгөөн бий болгож байгаа аж. Зэсийн үнэ 2022 оны зургаадугаар сараас хойш дээд цэгтээ хүрч өсөөд байна.

Эх сурвалж: Bloomberg