2022 оны сүүлийн улиралд  Японы эдийн засаг 0.6 хувиар тэлсэн нь шинжээчдийн таамаглаж байсан 2 хувийн өсөлтөд хүрээгүй бөгөөд энэ нь тус улсын Төв банкны дараагийн тэргүүнд томоохон сорил болохоор байгаа юм.

Японы эдийн засаг өнгөрсөн оны II улиралд нэг хувиар агшиж байсан юм. Хэдийгээр IV улиралд хэрэглэгчдийн худалдан авалт сэргэсэн ч бизнесүүд хөрөнгө оруулалтаа бууруулсан нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлжээ.

Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хүлээлтэд хүрээгүй нь Японы эдийн засаг цар тахлын өмнөх түвшинд очих хүртэл хугацаа шаардагдахыг харуулж байна гэж “Daiwa Securities”-ийн шинжээч мэдээллээ.

Аж үйлдвэрлэлийн статистик дэлхийн эдийн засаг удааширсныг харуулж эхэлсэн учир энэ оны I улиралд ч Японы дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт тааруу байх төлөвтэйг шинжээчид анхааруулж байна.

Бараа, бүтээгдэхүүний нөөц буурсан нь эрэлт өндөр байгаагаас илүү компаниуд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээс болгоомжилж байгаагийн дохио гэж үзэж байгаа бөгөөд инфляц өндөр түвшинд хадгалагдсаар байгаа нь дунд хугацаанд эрэлтэд сөргөөр нөлөөлж магадгүй байгаа юм.

Эх сурвалж: Thomson Reuters