Өнгөрсөн онд “Baidu”-ийн борлуулалт тогтвортой өсөж, 4.8 тэрбум ам.доллар хүрсэн бөгөөд энэ нь шинжээчдийн таамгийг давсантай зэрэгцэн “Baidu” компани таван тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа эргүүлэн худалдан авахаа зарлалаа.

2022 оны IV улиралд “Baidu”-ийн борлуулалт тогтвортой өсөж, 4.8 тэрбум ам.доллар хүрсэн бол энэ нь шинжээчдийн таамаглаж байсан 4.6 тэрбум ам.долларын орлогын төсөөллийг давсан үзүүлэлт боллоо. Мөн тайлант хугацаанд тус компанийн цэвэр ашиг гурав дахин өсөж, 723.7 сая ам.доллар болжээ.

Орлогын тайлангаа танилцуулсны дараа өнгөрсөн долоо хоногт “Baidu”-ийн хувьцааны ханш 3.6 хувиар унасан байна. Энэ нь “Baidu”-ийн хувьцааны ханш 2023 он гарсаар 22 хувиар өссөн бөгөөд хөрөнгө оруулагчид богино хугацаанд ашиг хийх зорилготой байсныг харуулж байгаа юм.

“Baidu” хиймэл оюун ухааны чиглэлд “ChatGPT”-тэй өрсөлдөх “Ernie Bot” нэртэй хайлтын үйлчилгээг ирэх гуравдугаар сард танилцуулах төлөвлөгөөтэй байна. БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчдээс эхлээд, мэдээний ихээхэн сайтууд “Baidu”-ийн хөгжүүлж буй хайлтын системийг бизнестээ нэвтрүүлэнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Тус компани “Ernie Bot”-ийг автомашины программ хангамж, үүлэн технологи, ухаалаг төхөөрөмж гээд бүх төрлийн бизнесийнхээ гол цөм болгохоор төлөвлөж буйг Үүсгэн байгуулагч Робин Ли мэдэгдсэн байна. Тэрбээр хиймэл оюун ухааны технологийн хөгжүүлэлт олон салбарын хувьд эргэлтийн цэг болно гэж үзэж байгаа юм.