Макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #1
АНУ-ын холбооны нөөцийн банк 2022 он гарснаар 6 дахь удаагаа бодлогын хүүгээ нэмлээ
2022.09.22-ны өдөр АНУ-ын Холбооны Нөөцийн Банк (FED) бодлогын хүүгээ 0.75%-иар нэмэгдүүлж 3.25% болгох шийдвэр гаргалаа. 2022 он гарснаас хойш нийт 6 удаа бодлогын хүүгээ өсгөөд байгаа тус улсын хувьд энэ байдлаараа үргэлжилвэл оны сүүл гэхэд бодлогын хүү 4.4% хүрнэ гэж судлаачид дүгнэж байна.
Олон улсын хөрөнгийн зах зээл дээрх ААА үнэлгээтэй бондуудын өгөөж өслөө
Мөн АНУ-ын Засгийн Газрын 2 жилийн хугацаатай бондын (AAA үнэлгээтэй) өгөөж 4.0% хүрээд байгаа нь олон улсын хөрөнгө оруулагч нарт эрсдэлгүйгээр харьцангуй өндөр өгөөж хүртэх боломжийг олгож байна. Хөрөнгө оруулагчид өндөр өгөөжтэй боловч харьцангуй эрсдэлтэй хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулахын оронд АНУ-ын банкны хадгаламж эсвэл Засгийн Газрын Бонд авах нь илүү тогтвортой хөрөнгө оруулалтын шийдвэр болохоор байна.
Хөрөнгө оруулалтын урсгал илүү эрсдэл багатай зах зээл болон бүтээгдэхүүнүүд рүү шилжих төлөвтэй байна
Хөрөнгө оруулалтын урсгал эрсдэл багатай зах зээл болон бүтээгдэхүүнүүдийг дагаад хөгжиж буй орнуудаас хөгжингүй орнуудын зах зээл рүү чиглэх төлөвтэй байна. Энэ нь эргээд ам.долларын өртэй хөгжиж буй орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлөхөөр харагдаж байгаа юм. Жишээ нь: дампуурлаа зарлаад буй Шриланк улс, хайпер инфляцитай нүүр тулсан Ливан улс, улсын мөнгөн тэмдэгт нь түүхэн доод хэмжээнд хүрээд буй Турк улсыг дурдаж болохоор байна.
Төгрөг ам.долларын эсрэг цаашид сулрах уу?
Монгол Улсын хувьд инфляци 14.4%, ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларсаар байна. Нөгөө талаас ирэх жилүүдэд олон улсын зах зээлд гаргасан Монгол улсын Засгийн Газрын Бондын эргэн төлөлтүүд ам.доллар болон иенээр хийгдэхээр хүлээгдэж байна. Үүнээс дүгнэхэд цаашид нөхцөл байдал хэвээр үргэлжлэх эсэх нь Засгийн Газрын Бондын өгөөж болон ам.долларын эсрэг төгрөгийн ханш зэрэгт хүчтэй нөлөөлөх дүр зурагтай харагдаж байна.
