Английн фунт стерлингийн ханш ам.долларын эсрэг суларч сүүлийн 37 жилийн хамгийн доод түвшиндээ хүрлээ

Их Британийн засгийн газраас өнгөрөгч баасан гаригт Эдийн засгийн өсөлтийг дэмжих шинэчилсэн багц төлөвлөгөөг танилцуулсан билээ. Засгийн газраас ААНОАТ-ын хэмжээг 19%-иас 25% хүртэл өсгөхөөр шийдвэрлэсэн байсан хэдий ч шинэчилсэн төлөвлөгөөгөөр уг шийдвэрийг хүчингүй болгож татварын хэмжээг 19% хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. Энэ нь Их 20-ийн орнууд дундаа хамгийн багад тооцогдож буй юм. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар зэрэг хэд хэдэн татваруудад хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тооцоогоор эдгээр хөнгөлөлтүүдийн хэмжээ 2026 он гэхэд нийт 46 тэрбум фунт стерлингд хүрэхээр байна. Засгийн газрын энэхүү мэдэгдлийн дараагаас гадаадын хөрөнгө оруулагчид Их Британийн засгийн газрын бондуудад оруулсан хөрөнгө оруулалтуудаа татаж ам.долларын хөрөнгө оруулалт руу орох урсгал эрс нэмэгдсэнээр фунд стерлингийн ам.доллартай харьцах ханш огцом унаж 1.103 болсноор сүүлийн 37 жилийн доод ханшиндаа хүрлээ.

Хятадын төв банкнаас валютын ханшийн эрсдлийн зохистой харьцааг 20% болгохоор шийдвэрлэлээ

Юаны ам.доллартай харьцах ханш 8 дугаар сарын дундаас 4%-иар суларч өнөөдрийн байдлаар 7.1634 болсон байна. Энэ нь 1 ам.долларыг 7 юанаар тооцдог байсан тогтсон ойлголтыг эвдэж юаны ханш ам.долларын эсрэг огцом суларч буйг илтгэж байгаа юм. Хятадын төв банкнаас энэхүү юаны ханшийн огцом уналтыг сааруулах зорилгоор санхүүгийн байгууллагуудын ханшийн эрсдлийн зохистой харьцааг 0% байсныг 20% болгох шийдвэрийг өнөөдөр буюу 9 дүгээр сарын 26-ны өдөр гаргалаа. Уг шийдвэр 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн хэрэгжих юм байна. Ингэснээр юанын ханшийн уналтыг сааруулж тогтворжуулахад дэмжлэг болно гэж Хятадын төв банк үзэж буй юм.

Өмнөд солонгосын засгийн газар валютын ханшийг тогтворжуулах дараа дараагийн арга хэмжээнүүдийг авахаар бэлтгэж буйгаа мэдэгдлээ

Өчигдөр буюу 9 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөд солонгосын сангийн сайд телевиз-д өгсөн ярилцлагын үеэрээ засгийн газраас вонын ам.долларын эсрэг ханшийн уналтыг сааруулах зорилгоор дараа дараагийн арга хэмжээнүүдийг авахаар бэлтгэж буйгаа мэдэгдлээ. Ингэхдээ засгийн газрын зүгээс гадаад валютыг тогтворжуулах санг ашиглан зах зээл дээрх ам.долларын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй бөгөөд одоогоор АНУ-тай ам.долларын свап хийх шаардлага хараахан үүсээгүй байна хэмээжээ.

Ам.долларын ханш чангарахтай зэрэгцэн алтны ханш сүүлийн 2 жилийн доод үнэдээ хүрлээ

Өнөөдөр буюу 9 дүгээр сарын 26-ны өдөр 1 унц алтны үнэ 0.3%-иар буурч 1,638.59 ам.доллар болсноор сүүлийн 2 жил хагасын хугацаанд хамгийн доод үнэдээ хүрлээ. Үүнд АНУ-ын засгийн газраас инфляцийг бууруулах зорилгоор бодлогын хүүгээ удаа дараа нэмэгдүүлж зах зээл дээр ам.долларын ханш чангарсан нь гол нөлөө үзүүлсэн гэж шинжээчид дүгнэж байна.