“APPLE” КОМПАНИ ИРЭХ ОНООС ЭХЛЭН “SAMSUNG”, “LG” ЗЭРЭГ ТҮНШЛЭГЧ КОМПАНИУДААСАА ХАМААРАХ ХАМААРЛАА БУУРУУЛАХАА МЭДЭГДЛЭЭ

2024 оноос эхлээд Apple компани шинээр гаргаж буй төхөөрөмжүүддээ өөрсдийн үйлдвэрлэсэн дэлгэцийг ашиглах зорилгоор Samsung болон LG зэрэг технологийн түншүүдээс хамааралтай байдлаа бууруулж, эд ангийн үйлдвэрлэлээ дотоод нөөц, чадлаар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Мөн ирэх оны эцсээр хамгийн сүүлийн үеийн “Apple Watch” ухаалаг цагныхаа дэлгэцийг өөрсдийн бүтээгдэхүүнээр шинэчлэхээр болсноо мэдээлсэн байна. Ингэснээр одоо ашиглагдаж буй стандарт “OLED “технологийн дэлгэц “microLED” технологиор шинэчлэгдэн сайжрах бөгөөд “Apple” яваандаа шинэ төрлийн дэлгэцийг “iPhone” зэрэг бусад төхөөрөмжүүддээ ашиглаж эхлэх ажээ.

“Apple”-ийн энэхүү өөрчлөлт нь нийлүүлэлтийг дотоодоосоо хангах өргөн хүрээний хүчин чармайлтынх нь нэг хэсэг бөгөөд бүтээгдэхүүнийхээ дизайн, хүчин чадалд тавих хяналт нь нэмэгдэх ач холбогдолтой юм. Энэ зорилтынхоо дагуу тус компани “Intel”-ийн чипийг “Mac” компьютертоо ашиглахаа больсон бөгөөд “iPhone”-ийн утасгүй холболтын гол эд ангиудад ч ижил арга хэмжээ авахаар төлөвлөжээ.

Энэхүү мэдээллийн дараа “LG Display” компанийн хувьцааны ханш 4.1 хүртэл хувиар унасан бол “Samsung”-ийн хувьцааны ханш Сөүлийн биржид өглөөний арилжааны үед ихэнх өсөлтөө алджээ.

Эх сурвалж: Bloomberg