ХЯТАДАД КОВИД 19-ИЙН ТОХИОЛДЛУУД НЭМЭГДЭЖ ОРОН ДАЯАР ХӨЛ ХОРИО ЧАНГАТГАЖ БАЙГАА НЬ ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ХУВЬЦААНЫ ХАНШ БОЛОН ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ УНАХАД ХҮРГЭЖ БАЙНА

Даваа гаригийн байдлаар Хятадад Ковид 19-ийн шинээр бүртгэгдсэн тохиолдлын тоо огцом нэмэгдэж 2 хүн нас барсан байна. Үүнтэй холбоотойгоор дэлхийн 2 дахь том эдийн засаг болох Хятадын засгийн газраас хөл хориог чангатгах шат дараатай арга хэмжээнүүдийг авч эхлэсэн нь хөрөнгө оруулагчдын санааг зовоож буй юм. Одоогоор Гуанжоу (Guangzhou) хотын 1 дүүрэг 5 хоногийн турш хөл хориотой байгаа бол Даваа гарагт Бээжин хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй дүүрэгт оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж эхлэсэн байна. Эдгээр үйл явдлуудтай холбоотойгоор олон улсын хөрөнгийн зах зээл дээрх технологийн, эрчим хүчний болон харилцаа холбооны салбарын томоохон индексүүд Даваа гаригт бүгд уналттай хаагдсан байна. Түүнчлэн Хятадын зах зээл дэх газрын тосны эрэлт буурна гэсэн хүлээлтээс үүдэн газрын тосны үнэ оны эхнээс хамгийн доод үнэдээ хүрч хаагдсан байна.

АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ЧАНГАРАХТАЙ ЗЭРЭГЦЭН АЛТНЫ ХАНШ СУЛАРЧ БАЙНА

Даваа гаригт олон улсын зах зээл дээрх алтны ханш сүүлийн долоо хоногийн доод үнэдээ хүрлээ. АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ удаа дараа өсгөсөнтэй холбоотойгоор ам.долларын өгөөж өндөр байгаа энэ үед хөрөнгө оруулагчдын хувьд үнэт металд хөрөнгө оруулах сонирхол бага байгаа юм. Энэ долоо хоногийн Лхагва гаригт АНУ-ын Төв банкны мөнгөний бодлогын хороо дахин хуралдах бөгөөд шинжээчдийн үзэж буйгаар энэ удаагийн хурлаар бодлогын хүүг дахин 0.5%-иар нэмэгдүүлэх магадлал тун өндөр байгаа юм. Түүгээр зогсохгүй зарим шинжээчдийн хувьд 0.75%-иар ч өсгөж болзошгүй гэж үзэж байгаа ажээ. TD Securities компанийн үнэт метал, таваарын зах зээл хариуцсан захирал Bart Melek-ийн үзэж буйгаар АНУ-ын Төв банк 12 дугаар сарын хурлаараа бодлогын хүүг дахин өсгөвөл оны сүүл рүү 1 унц алтны ханш 1700 ам.доллар хүрч буурах хүлээлттэй байна гэжээ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ХУВЬД АНУ-ЫН КОМПАНИУДАД ИТГЭХ ИТГЭЛ СЭРГЭЖ БАЙГАА НЬ АЖИГЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

АНУ-ын хөрөнгө оруулалтын сангуудын менежерүүдийн ярьж буйгаар хөрөнгө оруулагчид компанийн бонд болох бусад бүтээгдэхүүнүүдэд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байна гэжээ. BlackRock компанийн хөрөнгө оруулалтын сангуудыг хариуцсан захирал Salim Ramji-ийн хэлснээр “Хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэл эргэн сэргэж байгаатай зэрэгцэн бид нэгэн шинэ эхлэл дээр ирж байна. Удаан хугацааны турш уналттай байсан үзүүлэлтүүд эргэлтийн цэгтээ хүрч эргэн сэргэж байна” гэжээ (График-ыг харна уу). Түүнчлэн М&G Investments компанийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Jim Leaviss Рейтерс агентлаг (Reuters)-т өгсөн ярилцлагадаа “Инфляци яг хэзээ дээд цэгтээ хүрэхийг бид хэлж мэдэхгүй, гэхдээ нэг их хол биш байгаа гэдгийг хэлж чадахаар байна” гэжээ.

iShares iBoxx $ High Yield Corporate Bond Fund [HYG.P]
iShares iBoxx $ Investment Grade Corporate Bond ETF [LQD.P]

Эх сурвалж: Thomson Reuters