Макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #4
ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САН БОДЛОГЫН ХҮҮГ ЦААШИД ОГЦОМ НЭМЭХГҮЙ БАЙХ ТУХАЙ МЭДЭГДЭЛ ХИЙСНЭЭР ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ИНДЕКСҮҮД ӨСЛӨӨ
Лхагва гаригт АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн (ХНС) 11 дүгээр сарын хуралдаан болсон бөгөөд хурлын тэмдэглэлд бодлогын хүүг цаашид огцом нэмэгдүүлэхгүй байх тухай дурджээ. Энэ он гарснаар ХНС-аас бодлогын хүүг дарааллан 4 удаа 0.75%-иар нэмэгдүүлж 4.0% болгосон билээ. Эдийн засагчид, хөрөнгө оруулагчид оны эцэс гэхэд бодлогын хүү 4.75%-д хүрнэ гэсэн хүлээлттэй байсан хэдий ч ХНС-аас 12-р сард бодлогын хүүг ихдээ 0.5%-иар нэмэгдүүлэх тухай мэдэгдэл хийсэн нь хөрөнгийн зах зээлд шууд нөлөө үзүүлж эхлэсэн байна. Уг мэдэгдэл гарснаар Европ, Их Британи, Хонг Конг-ийн томоохон биржүүд дээрх индексүүд өсөлттэй байна.

ӨМНӨД СОЛОНГОСЫН ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГИЙН ӨСӨЛТИЙГ УДААШРУУЛЖ, 2023 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ТААМАГЛАЛАА БУУРУУЛЛАА
Өмнөд Солонгосын Төв банк өнгөрөгч 10-р сард бодлогын хүүгээ 0.5%-иар нэмэгдүүлж 3.0% болгож байсан бол өчигдөр буюу Пүрэв гаригт 0.25%-иар нэмэгдүүлж 3.25% болголоо. Энэ нь 2012 оноос хойшхи хамгийн өндөр хувь юм. Төв банкны хувьд эдийн засгийн өсөлтийг аль болох сааруулахгүйгээр инфляцийг тогтворжуулахыг эрмэлзэж буйгаа мэдэгдсэн байна. Түүнчлэн Төв банкны зүгээс 2023 оны эдийн засгийн өсөлтийг 2.1% байхаар таамаглаж байсан бол уг таамаглалдаа өөрчлөлт оруулж 1.7% болгож бууруулсан ба инфляцийг 3.6% байхаар таамаглаж байсан таамаглалаа 3.7% болгож өсгөжээ.
Эх сурвалж: Thomson Reuters
