Макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #27
ИРЭХ 2023 ОНД ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ УНАЛТАД ОРОХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙГААГ СУДЛААЧИД АНХААРУУЛЖ БАЙНА
Энэ онд дэлхийн ихэнх улс орны төв банкнууд инфляцын эсрэг бодлогын хүүгээ өсгөх шийдвэр гаргасан нь эдийн засаг агшихад нөлөөлсөн бөгөөд энэ нь ирэх 2023 онд мөн адил эдийн засаг уналтад орохоор байгааг Эдийн засаг, бизнесийн судалгааны төв (CBER) тооцоолов.
Ирэх онд дэлхийн нийт улсуудын гуравны нэгийнх нь эдийн засаг агшихын зэрэгцээ дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2 болон түүнээс доош хувь байх магадлал 25 хувьтай буюу эдийн засгийн уналтын бүсэд орохыг Олон Улсын Валютын Сан өнгөрсөн аравдугаар сард таамаглаж байв.
Хэдий тийм боловч 2037 он гэхэд хөгжиж буй орнуудын эдийн засаг хөгжингүй орнуудыг гүйцсэнээр дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн өнөөгийн түвшнээсээ хоёр дахин нэмэгдэхийг онцолсон байна. Хүчний тэнцвэр өөрчлөгдсөнөөр 2037 онд Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг эзлэх бол Европын эзлэх хувь 20-иос доошлох аж.
Түүнчлэн Эдийн засаг, бизнесийн судалгааны төвийн таамагласнаар БНЭУ 2035 онд 10 их наяд ам.доллар давсан эдийн засагтай гурав дахь орон болохоор байна. Тухайн үед Их Британи дэлхийн зургаа дахь том эдийн засаг хэвээр үлдэх бол Франц улс долоодугаарт бичигдэх төлөвтэй байгаа ажээ.
