ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭГ КОВИД 19 БОДЛОГЫН ҮР ДҮНД АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН АШИГ ДАРААЛЛАН БУУРСАН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА

Хятадын засгийн газраас хэрэгжүүлж буй тэг Ковид бодлогын хүрээнд хот, дүүргүүдэд хатуу хорио цээрийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, зарим дүүргүүдэд хөл хорио хүртэл тогтоогоод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор тус улсын аж үйлдвэрийн салбарын ашиг оны эхний 10 сарын байдлаар уналттай гарсан байна. Хятадын үндэсний статистикийн хорооны мэдээлснээр аж үйлдвэрийн салбарын ашиг оны эхний 10 сарын байдлаар өмнөх онтой харьцуулахад 3.0%-иар буурсан (эхний 9 сарын байдлаар 2.3%-иар буурсан) үзүүлэлттэй байгаа аж. Нарийвчилбал тухайн улсын аж үйлдвэрийн салбарын 41 сектороос 22 секторын ашиг буурсан үзүүлэлттэй гарсан байна. Түүнчлэн Номура (Nomura) болон Оксфорд Экономикс (Oxford Economics) зэрэг олон улсын хөрөнгө оруулалтын банкуудын шинжээчид Хятадын засгийн газрын тэг Ковид бодлого цаашид ч эдийн засагт сөргөөр нөлөөлнө хэмээн үзэж байгаа бөгөөд Хятадын эдийн засгийн гол үзүүлэлтүүд болон ДНБ-ий өслөт зэрэгт хийсэн таамаглалуудаа бууруулаад байна.