Хураангуй

Дэлхийн банк энэ онд Украины эдийн засаг 45.1%-аар, ОХУ-ынх 11.2%-аар буурна гэж таамаглаж байна.

Дэлгэрэнгүй

Орос, Украины хоорондын мөргөлдөөн Украины эдийн засгийг энэ онд 50 орчим хувиар буурахад хүргэнэ гэж Дэлхийн банк мэдэгдлээ. Украины өмнөд тэнгисийн боомтууд хаагдсанаар зүүн бүсийн аж үйлдвэрүүд ихээхэн хохирол амссан тул тус улсын ДНБ 2022 онд 45.1%-аар буурах төлөвтэй байгаа юм. АНУ болон барууны улсуудын Оросод тавьсан санхүүгийн хориг арга хэмжээний улмаас 2022 онд Оросын ДНБ-ий үйлдвэрлэл 11.2 хувиар буурна гэж Дэлхийн банк таамагласан. Тухайн нөхцөл байдал Украин болон бусад улсуудад хэрхэн нөлөөлөх талаар Дэлхийн банкны тайланд дурдагдсанаас үзвэл:

Украины эдийн засагт үзүүлэх нөлөө

Украины бизнесүүдийн талаас илүү хувь нь хаалгаа барьсан бол нээлттэй хэвээр байгаа бусад компаниуд хэвийн хүчин чадлаасаа доогуур төвшинд ажиллаж байгаа юм. Хоёр улсын мөргөлдөөний улмаас Украины эдийн засгийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, газар тариалангийн тариалалт, ургац хураалтын ажил тасалдсан бөгөөд Украины өмнөд тэнгисийн боомтууд хаагдсанаар тус улсын үр тарианы экспортын 90 хувь, нийт экспортын тал хувь нь тасарсан байдалтай байна. Гуравдугаар сарын эхээр дэд бүтцийн алдагдал 100 тэрбум ам.доллар буюу Украины 2019 оны ДНБ-ий гуравны хоёрыг давсан хэмжээнд хүрнэ хэмээн Дэлхийн банк тооцоолсон бөгөөд дайн үргэлжилсээр байгаа учраас хохирол улам нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

“Орос-Украины мөргөлдөөн Украины эдийн засагт асар том цохилт болж, дэд бүтцэд асар их хохирол учруулсан” гэж Дэлхийн банкны Европ, Төв Азийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Анна Бжерде мэдэгдэлдээ дурджээ. Мөн Украин улсын эдийн засгийг тогтвортой байлгахын төлөө ажиллаж, хүнд хэцүү нөхцөл байдлыг тэсвэрлэж, даван туулж байгаа Украины иргэдийг дэмжихийн тулд нэн даруй санхүүгийн томоохон дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг онцолсон юм. Дэлхийн банк Украинд 923 сая орчим ам.долларын зээл, буцалтгүй тусламж үзүүлсэн бөгөөд цаашид хоёр тэрбум гаруй долларын тусламж үзүүлэхээр бэлтгэж байна. Энэхүү тусламж нь Украинд зайлшгүй шаардлагатай ажилчдын цалин, тэтгэвэр, улсын өрийг төлөхөд тусална гэж албаны хүмүүс мэдэгдэв.

Бусад орны эдийн засагт үзүүлэх нөлөө

Олон улсын валютын сангийн тэргүүн Кристалина Георгиева өнгөрсөн сард энэхүү хоёр улсын  мөргөлдөөн нь дэлхийн санхүүгийн хямралыг өдөөх магадлал багатай харин эсрэгээрээ мөргөлдөөнтэй нягт холбоотой улсууд эдийн засгийн хямралд өртөх магадлал өндөр байгааг анхааруулсан. Тиймээс дэлхийн банкны Европ, Төв Азийн талаарх тоон мэдээлэл газрын зургаар харахад баруун талаас Ирланд, зүүн талаас Оросын Холбооны Улс хүртэл үргэлжилдэг боловч тус тайланд хөгжиж буй орнууд болох Зүүн Европ, Балкан, Турк болон хуучин ЗХУ-ийн бүгд найрамдах улсуудыг голчлон үзүүлсэн байгаа юм.

Тус мөргөлдөөн нь бүс нутгуудийн эдийн засагт сүүлийн хоёр жилд тохиолдсон хоёр дахь томоохон цочрол байсан бөгөөд дэлхийн эдийн засаг тахал өвчнөөс сэргэхээр тэмцэж байгаа маш тогтворгүй цаг үед тохиолдсон үйл явдал гэж мэдэгдсэн. Энэ нь Европын хөгжиж буй зах зээлд нөлөөлөхөөс гадна түүхий эдийн болон санхүүгийн зах зээл, гадаад дотоод худалдаанд нөлөөлж, дэлхийн зах зээл огцом удаашрах, инфляц огцом өсөх, өрийн өсөлт үүсэх гэсэн болгоомжлолуудыг төрүүлж байгаа хэмээн Дэлхийн банк мөн онцолжээ.

Эх сурвалж: www.wallstreetcn.com