АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ЧАНГАРАХТАЙ ЗЭРЭГЦЭН АЛТНЫ ХАНШ СУЛАРЧ БАЙНА

Даваа гаригт олон улсын зах зээл дээрх алтны ханш сүүлийн долоо хоногийн доод үнэдээ хүрлээ. АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ удаа дараа өсгөсөнтэй холбоотойгоор ам.долларын өгөөж өндөр байгаа энэ үед хөрөнгө оруулагчдын хувьд үнэт металд хөрөнгө оруулах сонирхол бага байгаа юм. Энэ долоо хоногийн Лхагва гаригт АНУ-ын Төв банкны мөнгөний бодлогын хороо дахин хуралдах бөгөөд шинжээчдийн үзэж буйгаар энэ удаагийн хурлаар бодлогын хүүг дахин 0.5%-иар нэмэгдүүлэх магадлал тун өндөр байгаа юм. Түүгээр зогсохгүй зарим шинжээчдийн хувьд 0.75%-иар ч өсгөж болзошгүй гэж үзэж байгаа ажээ. TD Securities компанийн үнэт метал, таваарын зах зээл хариуцсан захирал Bart Melek-ийн үзэж буйгаар АНУ-ын Төв банк 12 дугаар сарын хурлаараа бодлогын хүүг дахин өсгөвөл оны сүүл рүү 1 унц алтны ханш 1700 ам.доллар хүрч буурах хүлээлттэй байна гэжээ.