Макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #6
ХҮҮГИЙН ӨСӨЛТ ТОГТВОРЖИХ ХЭДИЙ Ч БОДЛОГЫН АРГА ХЭМЖЭЭ ДӨНГӨЖ ЭХЭЛЖ БАЙНА
Өчигдөр буюу Лхагва гарагт Холбооны нөөцийн сангийн /ХНС/ дарга Жэром Пауэл: “Зээлийн өртөг өндөр, инфляцийн төвшин тогтворжих хандлагатай байгаа ба ажиллах хүчний хомсдол үүссэн энэ үед бодлогын хүүний өсөлтийг хазаарлах цаг болсон” хэмээн мэдэгдлээ.
Энэхүү мэдэгдлийн дараа S&P 500 индекс 122.48 нэгжээр нэмэгдэн 4,080.11 нэгжид хүрч 3.09% өсөлттэй хаагдсан бол бодлогын хүүний хүлээлтэнд ихээхэн мэдрэмтгий байдаг АНУ-ын засгийн газрын 2 жилийн хугацаатай бондын өгөөж 4.52%-иас 4.37% болж буурлаа.
Бодлогын хүүний өсөлтийн хурдыг бууруулах тал дээр мэдэгдэл хийсэн хэдий ч цаашид хүүг ямар төвшинд өсгөх, мөнгөний бодлого ямар хугацаа шаардах зэрэг нь асуулт хэвээр байна гэж хэлсэн юм. ХНС нь 12 сарын 13-14-ний өдрүүдэд дахин хуралдах бөгөөд энэхүү хурлаар бодлогын хүүг 0.5%-иар нэмэгдүүлэх болон ирэх жилийн эдийн засгийн өсөлт, инфляц, ажилгүйдлийн төвшний төсөөллийг гаргах юм. Фьючерсын зах дээр шинжээчид 2 долоон хоногийн дараа болох хурлаар хүү өсгөх хувь хэмжээг бууруулна хэмээн таамаглаж байна.
NASDAQ БИРЖИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АДЕНА ФРИДМАН: 2023 ОНД IPO ИДЭВХИЖИНЭ ХЭМЭЭН НАЙДАЖ БАЙГАА БА КРИПТО ЗАХ ЗЭЭЛД ИЛҮҮ ИХ ЗОХИЦУУЛАЛТ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
NASDAQ биржийн гүйцэтгэх захирал Адена Фридман өнгөрсөн Лхагва гарагт өгсөн ярилцлагадаа “Хөрөнгө оруулагчид илүү болгоомжтой байгаа тул 2023 оны эхний хагас жилд IPO хийгдэх идэвхи сул байх ба сүүлийн хагас жилээс эхлэн идэвхи сэргэнэ хэмээн үзэж байна” гэжээ. Түүнчлэн “Өнөөгийн байдлаар Nasdaq бирж дээр 200 орчим компани IPO хийхээр ажиллаж байгаа ба энэ нь сүүлийн хэдэн жилийн дундаж үзүүлэлт болох 250-300 компаниас доогуур байна. Өнгөрсөн жил 750 гаруй компани IPO хийсэн ба үүнд SPAC буюу тусгай зориулалтын компаниуд дийлэнхи хувийг эзэлж байсан юм. Харамсалтай нь инфляци, хүүний төвшний өсөлт болон шинэ зохицуулалтуудын нөлөөлөөгөөр эдгээр нэмж гарах тусгай зориулалтын компанийн тоо буураад байна” гэжээ.
NASDAQ нь криптовалютын дижитал хөрөнгийн биржүүдийг арилжаа болон хяналтын технологиор хангаж ирсэн ба институциональ хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахын тулд өндөр зохицуулалттай болгох шаардлагатай ба аюулгүй найдвартай байдлыг хангах цаг нь болсон хэмээн үзэж байна.
Фридман мөн 9-р сард танилцуулсан NASDAQ-ын криптовалют хадгалах, бүртгэх үйлчилгээ болох NASDAQ Digital Assets-ийг 2023 оны эхний хагаст эхлүүлэх бөгөөд зөвшөөрөл хүлээж буйгаа мэдэгдэв.
Эх сурвалж: Thomson Reuters
