Макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #31
2023 ОНД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ХӨГЖИЖ БУЙ ЗАХ ЗЭЭЛЭЭС ЮУГ АНХААРАХ ВЭ?
Өнгөрсөн 2022 он хөгжиж буй орнуудын хувьд хүндхэн жил байлаа. Тэгвэл энэ онд зах зээлд оролцож буй хөрөнгө оруулагчид тухайн зах зээлд хэрхэн оролцох, 2023 онд хөгжиж буй зах зээлийн хэтийн төлөвийг тодорхойлох үйл явдлууд, чиг хандлага юу байхыг харцгаая.
- ӨНДӨР ХҮҮ, БАГА ӨСӨЛТ
АНУ болон бусад томоохон улс орнууд бодлогын хүүгийн өсөлтөө удаашруулж эхэлж байгаа бөгөөд ингэснээр 2023 онд хөгжиж буй зах зээлүүд эргэн сэргэх боломжтой болж байна. Харин хөгжиж буй орнуудын төв банкнууд энэ жил зээлийн хүүгээ бууруулж чадахгүй бол эдийн засгийн сэргэлт удаашрах магадлал өндөр байгаа юм.

2. ХЯТАД УЛС ХИЛЭЭ НЭЭЖ ЭХЭЛЖ БАЙНА
Хятад улс Ковид-19 цар тахлын дараа удаан хугацаанд үргэлжилсэн хөл хориогоо сулруулж хилээ нээж эхлэх гэж байгаа бөгөөд дэлхийн ДНБ-ий ойролцоогоор тавны нэгийг бүрдүүлдэг тус улсын эдийн засаг удаашралтай байгаа дэлхийн эдийн засгийг огцом өсгөх төлөвтэй байгаа юм.
Мөн энэ оны дунд үеэс эхлэн дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хэрэглээ болон хөрөнгө оруулалт огцом өсөх хандлагатай байна. Тус улсын иргэдийн хадгаламжийн түвшин маш өндөр байгаа бөгөөд хөл хорио тавигдсанаар мөнгөний урсгал эрчимжих төлөвтэй байгаа юм.
3. ОРОС УКРАИНЫ ДАЙН
Орос Украины дайн эхэлснээр дэлхийн эдийн засгийг донсолгоод байсан бөгөөд 2023 онд дайн хэрхэн өрнөх, хурцадмал байдал ихсэх аль эсвэл шийдэл олоход ахиц гарах үгүй нь чухал хэвээр байна. Учир нь дэлхийн хэмжээнд дайн эхэлснээр эрчим хүчний зах зээл, инфляцын дарамт, хүнсний аюулгүй байдал, геополитикийн эрсдэл зэрэг нь хөгжиж буй улс орнуудад илүү их нөлөөлж байгаа юм.

4. ӨРИЙН ДАРАМТ
Ковид-19 болон Украины дайны улмаас өрийн дарамтад орсон улс орнуудын жагсаалт улам бүр нэмэгдсээр байна. Замби, Этиоп улс өрийн дарамтаас гарах оролдлого хийж байгаа бол Шри Ланка, Гана улсууд 2022 онд дефолт зарласан.
Харин энэ оны хувьд бондын эргэн төлөлт хийх ёстой улсууд тийм ч их байхгүй байгаа бөгөөд Пакистан улс хамгийн эрсдэл өндөртэй байх магадлалтай байгаа юм.

5. БРАЗИЛ УЛС – ЛУЛА 2.0
Бразил улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Луиз Инасио Лула да Силва 1-р сарын 1-нд албан тушаалдаа орсон бөгөөд Латин Америкийн хамгийн том эдийн засагт зарцуулалт ямар байхыг хөрөнгө оруулагчид ихээхэн сонирхож байгаа юм.
Да Силва ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр 168 тэрбум реал буюу 31.6 тэрбум ам.долларын зарцуулалт яригдсан бөгөөд хөрөнгө оруулагчид Бразил улсын ДНБ-д эзлэх өрийн хэмжээ ойрын хоёр, гурвах жилийн хугацаанд тогтворжих боломжтой эсэх дээр хүлээлт өндөр байна.
6. ТУРКЫН СОНГУУЛЬ
Турк улсын ерөнхийлөгч Тайип Эрдоган засгийн эрх барьж буй хорин жилийнхээ улс төрийн хамгийн том сорилттой тулгарч магадгүй байна.
Тус улс амьжиргааны өртөг нэмэгдэж, мөнгөний уналттай тэмцэж байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд лирийн ам.доллартай харьцах ханш түүхэн доод хэмжээнд хүртэл унасан байна. Иймд Мөнгөний уламжлалт бус бодлого хэрэгжүүлсэн жилүүдэд олон хөрөнгө оруулагчид тус улсын хөрөнгийн эрсдэлийг бууруулахад хүргэсэн бол энэ онд тус улсын удирдлагын өөрчлөлт хүлээлт дагуулж байгаа юм.
Эх сурвалж: Thomson Reuters
